Бидний тухай

Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын товч танилцуулга

image

Анх 1963 онд Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь ГХЯ-ны Гаалийн ерөнхий хорооны шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь гаалийн хорооны харьяа Дархан хот дахь гаалийн салбар нэртэйгээр байгуулагдсан.
Гаалийн ерөнхий хорооны даргын 1963 оны 15 тоот тушаалаар Гомбо овогтой Намсрайжавыг Дархан хот дахь гаалийн салбарт байцаагчаар томилсон бөгөөд тус салбар нь УБТЗ-ын Дархан өртөөний нам олон нийтийн байгууллагын нэг жижиг өрөөнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
МУГЕГ-ын даргын 1994 оны 300 дугаар тушаалаар гаалийн салбар нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын харьяалалаас гарч гаалийн хороо болон зохион байгуулагдсан.
Дархан-Уул аймаг дахь гаалийн хороонд Сэлэнгэ аймгийн гаалийн газрын харьяанд байсан “Хандгайт” дахь салбарыг шилжүүлэн өргөтгөж улмаар ГЕГ-ын даргын 2011 оны 01-р сарын 27-ны №40 тоот тушаалаар Гаалийн газар болсон.
Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь 29хүний орон тоотойгоор ажиллаж байна. Үүнд: Төрийн тусгай албан хаагч-21, төрийн үйлчилгээний ажилтан–8.
2015 оны байдлаар улсын төсөвт 33.5 тэрбум төгрөгийн татвар, 5.3 тэрбум  төгрөгийн хураамж, 34,5 сая төгрөгийн өөрийн орлого, нийт 38,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна.
Тус гаалийн газар нь Дархан 1, Дархан 2 өртөө, Зүүнхараа, Баруунхараа, Салхит, Шарын гол, Хөтөл, Цагааннуур,  Ерөө суманд байрлах Хандгайт, Дархан Төмөрлөг ХК, МТЗ ТӨХК-ний гаалийн хяналтын бүс зэрэг газар нутгийг хамран төмрийн хүдэр, нефть бүтээгдэхүүн, экспорт, импортын бараа материал, үйлдвэрийн тоног төхөөрөмж, зорчигчийн ачаа тээш, олон улсын шуудан илгээмжид гаалийн хяналт шалгалт явуулдаг. Импортын бүрдүүлэлт хийж байгаа нийт бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг нефтийн бүтээгдэхүүн /А-80, А-92, дизель түлш/, 20 орчим хувийг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, химийн болон тэсэлгээний бодис, экспортын бүрдүүлэлтийн 99 хувийг төмрийн хүдэр болон баяжмал эзэлж байна.
Гаалийн байгууллагын шинэчлэлийн ажлын хүрээнд 2010 оны 3-р сарын 1-ээс БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гаалийн албаны мэдээллийн системийг гаднах холболтын хамт Солонгосын ОУ-ын хамтын ажиллагааны Койка байгууллагын шугамаар хийж гүйцэтгэсэн мэдээллийн технологийн шинэ систем САIS, CEPS системийг тус гаалийн газарт нэвтрүүлж эхэлсэн.
САIS, CEPS шинэ системийг нэвтрүүлснээр гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, иргэд гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийлгэх, мөн интернетэд холбогддог бүх газраас бараа бүтээгдэхүүнээ мэдүүлэх боломжийг олгож байгаа юм.
Гадаад худалдааг хөнгөвчлөх, түргэтгэх, гарч буй хүндрэл саадыг арилгах, хууль ёсны худалдаанд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд  2014 онд тус гаалийн газрын Хандгайт гаалийн салбарт “Цаасгүй бүрдүүлэлт”-ийг  нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
2016 оныг ГТЕГ-аас “Цахим гааль-Дэвшилтэт хамтын ажиллагаа” жил болгон зарласантай холбогдуулан тус гаалийн газраас иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго тавин ажиллаж байна.
Гаалийн байгууллагын алсын хараа нь техник, технологийн дэвшилд суурилсан, өндөр бүтээмж бүхий мэдээлэлжсэн гаалийн хөнгөн, шуурхай, соёлтой үйлчилгээ үзүүлэх явдал мөн.
Үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэр шударга, тасралтгүй хяналтыг зохион байгуулах, гаалийн хилийн горим дэглэмийг чанд сахиулахад оршино.