Гаалийн зөрчил

Гаалийн зөрчил гэж юу вэ?

Гаалийн хуулийг зөрчсөн эсхүл зөрчихийг завдсан аливаа үйлдэл, эс үйлдэл /ДГБ-аас гаргасан нэр томъёоны тайлбар/.
 
Бараа, тээврийн хэрэгсэл гэж юу вэ?

Гаалийн зөрчлийн бүрэлдэхүүнд бараа, тээврийн хэрэгслийн ойлголт их хамаарна. Тиймээс бид бараа тээврийн хэрэгсэл гэж яг юуг ойлгох талаар дэлгэрэнгүй ойлголттой болох хэрэгтэй юм.
 
Дараах байдлаар ойлгож хэрэглэнэ.
“Бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон “тээврийн хэрэгсэл” гэсэн тодорхойлолтод зааснаас бусад тээврийн хэрэгслийг;
“Тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг;
“Монголын бараа” гэж барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гадаадын барааг боловсруулж хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулснаас бусад Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөт эргэлтэд байгаа гадаадын барааг;
“Гадаадын бараа” гэж “Монголын бараа” гэсэн тодорхойлолтод зааснаас бусад барааг;
“Чөлөөт эргэлтэд байгаа бараа” гэж гаалийн хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалтгүйгээр Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт захиран зарцуулах барааг;
 
Гаалийн зөрчил юунаас үүсдэг вэ?

Гаалийн эрх зүйн харилцаанд оролцогчид нь гаалийн хууль тогтоомж түүнд нийцүүлэн эрх бүхий албан тушаалтнаас батлан гаргасан хууль эрх зүйн актыг биелүүлээгүйн улмаас гаалийн зөрчил үүсдэг.
 
Гаалийн болон бусад татвараас зайлсхийвэл яах вэ?

Гаалийн тухай хууль зөрчиж:
1. гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;
2.гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;
3.барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан;
4.гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан;
5.гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Бараа, тээврийн хэрэгсэлийг нуувч болгон ашиглах, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх эсхүл нэвтрүүлэхийг завдвал яах вэ?
 
Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, эсхүл гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар гаалийн хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхэд яах вэ?
 
Хэрэв хязгаарласан бараа буюу тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар гаалийн хилээр хууль бусаар оруулсан, гаргасан, дамжин өнгөрүүлсэн, эсхүл тийнхүү оруулсан, гаргасан, дамжин өнгөрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
“Тарифын бус хязгаарлалт” гэж Монгол улсын хилээр бараа оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол улсын хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг ойлгоно.
 
Мэдүүлэх журам зөрчих гэж юу вэ, зөрчвөл яах вэ?

Барааг мэдүүлэх журмыг гаалийн байгууллагаас журамлаж тогтоосон байдаг. Энэхүү журмыг гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчид дагаж мөрдөх ёстой.
Хэрэв гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх, хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх гэсэн зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
 “Мэдүүлэгч” гэж гаалийн хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ.
 
Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг:
 
1.    гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, ачсан, эсхүл буулгасан, эсхүл шилжүүлэн  ачсан нь гаалийн хилээр, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх зөрчлийн шинжгүй бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
.
2.    гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
 
Тээвэрлэгч үүргээ биелүүлээгүй бол яах вэ?
 
Тээвэрлэгч нь дараах үүрэгтэй байдаг.
Үүнд:

• Гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэхэд энэ хуулиар тогтоосон шаардлагыг дагаж мөрдөх;
• Барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр ачих, буулгах, шилжүүлэн ачих, бусдад шилжүүлэх;
• Тээврийн нэг бичиг баримттай, эсхүл ачилтын нэг мэдүүлэгтэй барааг гаалийн хяналтад байх хугацаанд салгаж тээвэрлэхгүй байх;
• Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглахгүй, эсхүл ийм боломж олгохгүй байх;
• Тээврийн хэрэгсэлтэй холбогдол бүхий мэдээллийг гаалийн байгууллагад өгөх, гаалийн албан тушаалтанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх
• Бараанд аливаа өөрчлөлт орохгүй байх нөхцөлийг хангах, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг өөрчлөх, гэмтээх, устгахаас сэргийлэх;
• Улсын хилээр нэвтрүүлэх барааны талаархи шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх;
• Гаалийн хяналт, шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад хийх тохиолдолд гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангаж, тухайн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах;
• Тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд гаалийн хилээр буцаан нэвтрүүлэх;
• Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
 
Дээрх үүргээ зөрчсөн тээвэрлэгчийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гаалийн битүүмжлэлийг гэмтээх, хаяг өөрчлөхөд яах вэ?

Гаалийн зорилгоор хийх тэмдэглэгээг гэмтээсэн, өөрчилсөн, устгасан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоогүй бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчвөл яах вэ?

Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Гаалийн хяналтын бүс гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг хэлнэ.
 
Гаалийн татвар, бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Гаалийн татвар, бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, эсхүл үрэгдүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хууль тогтоомж, валютын ханш, тарифын хувь хэмжээг үндэслэн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Хуульд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчсөн бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Гаалийн баталгаат бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн нь энэ зүйлд заасан бусад зөрчлийн шинжгүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
Гаалийн хууль тогтоомжид заасан мэдээ, тайланг буруу гаргасан, эсхүл хугацаанд нь гаргаж өгөөгүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.