Бүрдүүлэлтийн дараах

Бүрдүүлэлтийн дараах шалгалт

Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын худалдааны хэлэлцээрүүдийг хэрэгжүүлж байгаагаар гаалийн татварын хувь хэмжээг багасгах хандлага дэлхий дахины хэмжээнд ажиглагдаж байгаа ч зарим орнуудад барааны гаалийн татварын хувь хэмжээ өндөр хэвээр байгаа нь худалдааны луйвар бий болоход нөлөөлөх гол хүчин зүйл болдгийг, улмаар энэ байдал нь төрийн болон хувийн секторуудын аль алинд нь эдийн засаг, төсвийн асар их сөрөг үр дагаврыг бий болгодог талаар Дэлхийн Гаалийн Байгууллагаас гаргасан гарын авлага /зөвлөмж/-д тодорхой дурьдсан байна.

Худалдааны луйвар нь гаалийн зөрчлийн олон хэлбэрийг агуулсан байдаг учир үүнийг зөвхөн үнэлгээний асуудлын хүрээнд авч үзэж болохгүй. Барааны үнэлгээнээс гадна улс үндэсний худалдааны болон аюулгүй байдлын бодлогод хамрагддаг ангилал, гарал үүслийн асуудалтай холбон авч үзэх нь чухал юм. Тодруулбал: гаалийн бүрдүүлэлт хийгдэх үеийн энгийн тоон үзүүлэлтийн зөрүүнээс эхлээд тухайн иргэн, хуулийн этгээдийн хувийн болон албан ёсны бүртгэл тооцоо, санхүүгийн данс, тайлан тэнцлээс илэрч байгаа хуулийн дагуу төлвөл зохих татвараас зайлсхийсэн ил, далд “нуугдмал” хэлбэрийн агуулгатай зөрчлүүдийг ойлгож болох юм. 
            Худалдааны луйврыг үйлдэгчид нь олон төрлийн тээврийн хэрэгслийн систем болон худалдааны хэвийн үйл явцаас боломжтой бүхий л давуу талуудыг авч маш олон төрлийн үйлдэлд ашигладаг байна. Дээрх зөрчлүүдээс   ил хэлбэрийн зөрчлийг гаалийн бүрдүүлэлтийн үе шатанд буюу бичиг баримт хүлээн авч хянах, биет шалгалт хийх явцад илрүүлж болдог ч далд “нуугдмал” хэлбэрийн зөрчлийг гаалийн хяналтын бүсэд илрүүлэх боломж байдаггүй.
            Олон улсын худалдаа өргөжихийн хирээр гадаад худалдаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн зүгээс өөрсдийн хууль бус ашиг, орлогыг нэмэгдүүлэх, аль болох бага татвар төлөх гэсэн сонирхол давамгайлах болсон өнөөгийн нөхцөлд далд “нуугдмал” хэлбэрийн зөрчлийг санаатай буюу санамсаргүй байдлаар гаргах зүй тогтолтой байдгийг дэлхийн бусад улс орны туршлага, ДГБ-аас гаргасан гарын авлага /зөвлөмж/-аас олж мэдэж болно.
    Энэ хэлбэрийн зөрчлийг гаалийн бүрдүүлэлт бүрэн хийгдэж дууссаны дараа, бараа, тээврийн хэрэгсэл нь хүлээн авагч, захиран зарцуулагчийн мэдэлд шилжсэн үед, удирдах дээд байгууллагын албан ёсны шийдвэр болох шалгалт хийх батлдагдсан удирдамжийн дагуу тогтоосон хууль, тогтоомжийн заалтын хүрээнд, тодорхой хугацаанд, тухайн гадаад худалдаанд оролцогчийн гаальд мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн байдлыг санхүүгийн данс, бүртгэл, тооцоо, тайлантай тулган шалгаж, баримтаар баталгаажуулах замаар зөвхөн БДШалгалын явцад л илрүүлэх боломжтой байдгаараа гаалийн бүрдүүлэлтийн үед хийгддэг хяналт шалгалтын бусад төрлөөс ялгагддаг онцлогтой.
    Түүнчлэн гадаад худалдаанд оролцогч иргэн, ялангуяа хуулийн этгээдээс хийгдсэн худалдааны гэрээний нөхцөл нь: барааны төлбөрийг урьчилан төлөхөөс зайлсхийж, ихэвчлэн “дараа төлбөр”-т хэлбэрээр хийж байгаагаас ямар хэмжээний төлбөр хэдийд хийгдсэнийг зөвхөн тодорхой хугацааны санхүүгийн бичиг баримт, холбогдох тооцоо, бүртгэлийг шалгаж байж нотолдогт БДШалгалтын үйл ажиллагааны гол онцлог оршино.
    Худалдааны луйварт тооцогддог дээрхи хэлбэрийн зөрчлүүдийг санхүүгийн баримтанд тулгуурлан шалгаж, илрүүлж байгаа гэдэг утгаар нь уг шалгалтын   үйл ажиллагааг дэлхийн олон улсын жишигт Бүрдүүлэлтийн дараахь аудитын шалгалт гэж нэрлэдэг бол манай улсад Бүрдүүлэлтийн дараахь шалгалт нэрээр хийгдэж байгаа билээ.
    БДШалгалтыг батлагдсан удирдамжаар зөвхөн шалгаад орхих биш, эрсдлийг тооцохоос эхлээд, шалгалтын явцад илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцлийг судлах, бодитойгоор дүгнэх, дахин гаргуулахгүй байх үүднээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх, хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг шалгах, шалгагдсан иргэн, хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэж, дараагийн шалгалтын эрсдэл тооцох бааз суурийг бий болгох, холбогдох газар, хэлтэс болон харъяа гаалийн газар, хороодтой мэдээлэл солилцох зэрэг хоорондоо ажлын уялдаа холбоо бүхий, нэг тойргийн хэмнэлтэй, дахин давтагдах эргэх холбоо гэж ойлгож болно.

Хууль тогтоомж

Хууль тогтоомжийн нэр Батлагдсан огноо
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 2015-06-18 Харах