Хяналтын бүс

Дархан импекс

“Дархан Импекс” ХК нь ХААН-н материал техникийн хангамжийн газрын харьяа Дархан дахь салбар нэртэйгээр 1960 онд байгуулагдсан юм. Улсын материал техникийн хангамжийн нэгдсэн систем бий болох үед үйлдвэр техникийн зориулалттай бүтээгдэхүүнээр орон нутгийн хэрэглэгч, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хангах үүрэг бүхий Дархан хот дахь “Материал техник хангамжийн удирдах газар”-ыг 1974 оны 7-р сарын 1-нээс байгуулан ажиллуулжээ. Тус газар нь 1982 онд үйлдвэрийн районд төвлөрч, 1994 оноос төрийн өмчийн 51 хувийн оролцоотой хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Тус компани нь төмрийн хүдэр болон баяжуулсан хүдрийг вагонд ачих, буулгах, хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн холбогдох мэргэжлийн байгууллагууд болох Монгол Улсын Гааль, Мэргэжлийн Хяналтын байгууллага, Даатгал, Онцгой Байдлын газар зэрэг ажил үйлчилгээ хамтран явуулах байгууллагуудын хууль, дүрэм холбогдох заалтуудыг бүрэн биелүүлж ажиллахаар шаардлагатай зүйлсийг ханган бэлтгээд байна.
2011 онд манай компани өөрийн хөрөнгөөр ашиглалтгүй байсан 2.2 км, 3 салаа төмөр замыг сэргээн засварлаж, 100 вагоны ачиж буулгах талбайг шинээр хийж тохижуулан уг зам дээр ВЖ-150-С маркийн 150 тн даацтай статик вагон пүү, вагон лебедка 2Ш, 100 тн-ын даацтай авто пүүг тус тус шинээр ашиглалтанд орууллаа.
Ингэснээр 200000 тн төмрийн хүдэр буулгах талбай бүхий хоногт 100 вагонд төмрийн хүдэр ачих хүчин чадалтай болсон. Энэ хүчин чадлынхаа 50 хувийг ашиглахад жилдээ доод тал нь 1.0 сая тн төмрийн хүдэр экспортонд ачих боломж бүрдсэн юм.
Одоо ZL50G, XG951 II, LONG KING маркийн өөрөө ачигч ажиллаж байна. Мөн ачигч болон чирэгч, авто кран гэх мэт шаардлагатай техникийг түрээсээр авч ажиллуулах бүрэн боломжтой.
“Дархан Импекс” ХК нь нийт 12 га үйлдвэрлэлийн зориулалттай газар, оффисын барилга, 2.2 км төмөр зам, хашаа, харуул хамгаалалтын байртай төвлөрсөн дулаан, цэвэр бохир ус, цахилгааны шугамд холбогдсон Дархан-Уул аймгийн үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани Гаалийн Ерөнхий газрын даргын 2013 оны 10-р сарын 07-ны өдрийн А/205 тоот тушаалаар “Гаалийн хяналтын бүс”-ийн /313011/ үйл ажиллагаа явуулж эхлээд байна.