УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ХАРЪЯА ДАРХАН ӨРТӨӨНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

image

Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 72/737 тоот албан бичгээр Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт  Дархан өртөөнд ажлын байрны сургалт авахаар хүсэлт ирүүлсэн.
Дээрх хүсэлтийн дагуу гаалийн газраас “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”, “АЧААНЫ МАНИФЕСТ НӨХӨН БИЧИХ, ХЯНАХ, БҮРТГЭХ” сэдвээр Дархан өртөөний байранд 2017 оны 11 дүгээр сарын 28-нд сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд төмөр замын 25 ажилтан, албан хаагч хамрагдсан байна.
Хүрсэн үр дүн:
1. Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг танилцуулж,  хуулийн шаардлагатай зүйл заалтуудыг нэг бүрчлэн жишээн дээр тулгуурлан тайлбарлаж өгсөн.
2. Ачааны манифест нөхөн бичихэд гарч буй алдаа дутагдлын талаар ярилцаж, дүн шинжилгээ хийж, хойшид алдаа гаргахгүй, өмнөх алдаануудыг дахин давтахгүй талаар анхаарч ажиллах, шаардлагатай мэдээ мэдээллийг шуурхай өгч хамтран шийдвэрлэж байхаар боллоо.
3. Гаалийн хяналтанд ирсэн бараа, тээврийн хэрэгслийг ирсэн даруйд нь гаалийн байгууллагад мэдэгдэж, хяналтанд өгч байх, тээвэрлэгчийн үүргээ биелүүлж ажиллах, мөн шаардлагатай гаалийн холбогдолтой журам, хууль тогтоомжийн  талаарх мэдээллийг авч болох веб сайтуудыг танилцуулсан.
4. Ажлын ачааллаас шалтгаалан тооцооны операторууд ачааны манифест нөхөн бичихдээ хянах боломж бүрдэхгүй байгаагаас алдаа их гарч байна. Энэ асуудлыг удирдлагын түвшинд ярилцаж, тусгайлан  хариуцсан хүн томилох хүсэлтэй байгаагаа нийт тооцооны операторуудаас гаргаж, удирдлагадаа уламжлан шийдвэрлүүлэхээр болсон.
5. Ачааны манифест нөхөн бичих явцад програмын алдаанаас шалтгаалсан алдааг тухай бүр нь баримтжуулан тус гаалийн газарт хүргүүлж байх Жнь: мэдүүлгийн дугаараар дуудахад зарим мэдээлэл дутуу гарч ирэх, давхар илгээгдсэн манифестийн мэдээлэл тээвэр зуучид харагдахгүй байх, сүлжээ тасрах гм/
Санал: УБТЗ-ын Дархан өртөөнөөс сургалтын явцад дараахь саналыг уламжилсан. Үүнд:
1. Авто замын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, улсын хилээр гарах тээврийн хэрэгслийн манифестийг гэрээгүйгээр шууд бичиж буй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа тул мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлж ажиллах,
2. Шинээр ажилд орсон болон манифестийн эрхгүй тооцооны операторуудад тусгайлсан сургалт явуулж, манифестийн эрх авах саналыг гаргасан.
Сургалтаар хүргэхээр зорьсон мэдээллээр бүрэн хангаж, гарын авлагуудыг хүн бүрт тарааж өгснөөр, хэрэгцээ хангасан үр дүнтэй сургалт болсон. Цаашдаа сургалтыг жил бүр тогтмол хийж хэвших, мэдээлэл сургалтаар байнга хангах шаардлагатай нь сургалтанд суусан ажилчдын хүлээж авч байгаа хандлагаас харагдаж байна.
ДАРХАН ГААЛИЙН ГАЗАР

2017-12-05 11:25:42 >>Буцах